Legas LLC-Legal & technical translation,legal research,mongolia

Get Adobe Flash player


Амьдралынхаа бараг талаас илүүг ажил дээрээ өнгөрүүлэх нь өнөөгийн нийтлэг жишиг. Авьяас чадвар, хүсэл сонирхлоо нээн илрүүлэх, мэдлэг туршлага, мэргэжил дадал эзэмших, хэн болох, юу чаддагаа харуулах, хүн байхын утга учраа олох гээд амжилт бүтээл, алдар гавьяа, нэр төр дагуулсан олон сайхан дурсамж чухам энд бий болдог.


"Дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг" хэмээн урам зориг дүүрэн уухайлан зүтгэдэг, алжаасан ч амттай алжааж, унтууцсан ч учиртай унтууцдаг, бэрхшээлийг сорилт, боломж талаас нь харж туулж чаддаг өөдрөг хамт олон байхад сөрөг хандлагад автан сэтгэл дундуур, цаг нөхцөөж, уйдаж үхэхийн наагуур суусаар орой болмогц харьдаг нь ч бий. Бүхнийг умартан хийж буй зүйлдээ зүрх сэтгэлээ зориулж, ажлын ард гармагцаа сэтгэл хангалуун, аз жаргал дүүрэн ар гэртээ яарах уу, эсбөгөөс ... Хувь хүний сонголт мэт.


Ажил олгогчоо хамаг ажлаа биднээр хийлгээд өөрсдөө дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэгсэд, тос өөхөнд умбаж, торгон хөнжилд хөлбөрөгчид гэж үзэх нэгэн байхад ар гэрээ тэтгэх, амьдралаа залгуулах нөхцөлийг минь бүрдүүлж, бүхий л эрсдэлийг нуруундаа үүрч, нийгмийн хөгжлийг урагшлуулж яваа хэмээн талархаж хүндэтгэдэг нь ч бий. Ажилтнаа бизнесийн амжилтаа хэрхэн үргэлжлүүлэх, цалин цуух, татвар шимтгэл, зардал зарлагаа хэрхэн гүйцэлдүүлэх, ажлын бүтээмж, ашиг орлогыг хэрхэн нэмэгдүүлэх вэ гээд түм буман асуудалд толгой гашилгахгүй, сэтгэх хөгжих хүсэл эрмэлзэл ч үгүй гэж үл тоомсорлох нэгэн байхад "олны хүч оломгүй далай", хамт олноороо зүтгэсний үр шим энэ шүү дээ хэмээн бахархаж, олсноо сэтгэл хангалуун, шударга хуваалцдаг нь ч бий.


Өрөөсөн гутлын үнэд ч хүрэхгүй хэдхэн төгрөгөөр өдөр шөнөгүй ажиллуулж, хөдөлмөрийг минь огт үнэлэхгүй байна гэх ажилтан, хөгжиж дэвжихээ байг ядаж авдаг цалиндаа дүйцсэн ажил ч хийж чадахгүй байгаагаа бодож үзээсэй гэж чин сэтгэлээсээ хэлмээр байгаа ажил олгогч бий. Юу ч чадахгүй, юу ч мэдэхгүй хэрнээ боломж олдож байгаа дээр нь сураад дадаад авахын оронд одоогийн энэ залуус үүрэг хариуцлагын талаарх ойлголтгүй, нэг л их эрх ярьсан улс гэж халаглах нэгэн байхад залуу хүний сэтгэх бодох нь хүртэл өөр, цаанаа л нэг эрч хүчтэй, шинэлэг, урам зориг дүүрэн гэж бахдах нь бий. Ахмадуудаа хоцрогдлын туйл гэх нэгэн байхад арвин туршлага, оюун билгийн охь булаг хэмээн хүндэлж, түшиг тулгуурт нь шүтэн дээдэлдэг нь олон. Хормойгоо чирээд салахгүй эсхүл архи дарс эргүүлээд түвэг хэмээн хүйсээр нь ялгаварлах нь ч бий.


Ингээд тоочоод байвал ажлын байран дахь бэлгийн дарамтаар үргэлжлээд эцэс төгсгөлгүй. Хөдөлмөрийн харилцаанд үүсдэг асуудал бүрийн цаана эерэг гэхээсээ сөрөг ойлголт давамгайлдаг мэт. Үүнд тоо томшгүй олон шалтгаан, хүчин зүйлс бий. Хөдөлмөрийн харилцаа гэдэг өөрөө туйлын бат бөх эсхүл тун эмзэг аль нь ч байж болох, хүний хүчин зүйлээс бүрэн хамааралтай өвөрмөц харилцаа. Хүмүүнд суурилсан энэхүү нандин харилцаанд хэдий сайн боловсруулсан дүрэм, журамтай байгаад түүнийгээ ягштал мөрдлөө ч үүсч болзошгүй нөхцөл байдалд хязгаар үгүй. Өөр өөр улс үндэстний харилцан адилгүй соёл, уламжлал, ёс заншилтай хүмүүс хамт ажиллах бол мөн нүүр тулалгүй алсаас харилцдаг бол ойлголцол, үзэл бодол, хүлээлт, жишиг, шалгуурын түвшний зөрүү, ялгаа бүр ч хүчтэй илэрдэг.


Хоёр дахь гэр бүл болсон хамт олонтойгоо нэгэн зүгт харж, нэгдмэл зорилготойгоор, аз жаргалын төлөө хамтдаа тэмүүлэх учиртай ажилтан, ажил олгогч хоёр маань ийнхүү ил далд, зөв буруу, гомдсон туньсан, голсон шилсэн аль нь ч бай ямартай ч үл ойлголцлоос болж зөрж алхахад хүрэх нь цөөнгүй. Үүнд хэн нэгнийх нь зөв, буруу гэж шүүхэд бэрх. Хүн бүр өөрийн гэсэн итгэл үнэмшил, үзэл бодол, шаардлага, шалгууртай, өөрийн бодол өөртөө зөв билээ.


Хүмүүн бид уурлаж уцаарлах, гомдож туних нь амархан, сэтгэл хөдлөл ихтэй бодгаль юм. Бухимдах бүртээ ямар их энерги алдаж буйгаа ч анзаарах сөхөөгүй. Аливаа хүний оршихуй, үйлдэл болоод эс үйлдэхүй хамт ажиллагчдад нь хүссэн хүсээгүй, санаатай санамсаргүй ямар л нэг байдлаар бухимдал авчрах нь түгээмэл. Нийгэм, улс төр, эдийн засгийн байдал гээд гадны нөлөөлөл бас нэрмээс болох нь бий. Хөдөлмөрийн бүтээмж гэдэг сэтгэл санааны байдлын шууд илрэл байдаг. Сэтгэл санаа тогтвортой, эрч хүчтэй үед анхаарлаа бүрэн төвлөрүүлж, үр дүнтэй, чанартай бүтээл гаргаж чадна. Сэтгэл тайвангүй, уур уцаартай үед, ялангуяа хов жив, хардалт сэрдэлт, үгүйсгэл, шүүмжлэл, шударга бус өрсөлдөөн, зөрчил тэмцэл дүүрэн орчинд ажилладаг бол ...


Аливааг харах өнцөг, сэтгэх арга барил өдөр, цаг, мөчөөр хувьсах нь ч бий. Гэвч хөнгөн хуумгай хандаж, сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргах бус эхлээд эрүүл саруулаар эргэцүүлэн бодох нь зүйтэй. Бид төмөр биш хүн тул цаг үргэлж биеэ барихад амаргүй.


Энэ бүхнийг нэг мөр шийдэж чадах, хүн бүрт, нөхцөл байдал болгонд эн тэнцүү тохирох жор байхгүй ч чухам энэ л үед танд юуны өмнө тайвшрал, тайтгарал хэрэгтэй. Бухимдлыг тээгээд байх аюултай, удсаар ужгирна, ужгирсаар тэсэрнэ ... Магадгүй хүн бүрийн тайтгарал эрэлхийлэх арга зам өөр ч,


   Бодлоо цэгцлээрэй – үгний тэнь ундарга болно

   Үгээ цэнээрэй – үйлдлийн тэнь эхлэл болно

   Үйлдлээ цэгнээрэй – дадал хэвшлийн тэнь үндэс болно

   Дадал хэвшлээ шинжээрэй – зан аалийн тань суурь болно

   Зан аалиа ажаарай – заяа төөргийн тэнь эзэн болно


хэмээн гүн ухаантан Лао Зи айлдсанчлан бодлоо цэгцлэхэд тэнь гарцаагүй туслах тайтгарлын талбар маань таны бухимдлыг тайлахаас гадна ухаарлын ундарга болж чадна. Өөрийн болон бусад хувь хүн, байгууллагын оноосон нэр, хувийн мэдээллийг огт дурдахгүй, таныг хэн ч хэзээ ч танихгүй энэхүү талбарт та хэн нэг нь шүүхдэх, заналхийлэх, өсөрхөх, гомдох вий гэж эмээх зүйлгүйгээр зүгээр л бухимдлаа тайл, үзэл бодлоо ямар ч цензургүйгээр чөлөөтэй илэрхийл. Хэн нэгэнд ярихад тулгарсан асуудлын тал нь байхгүй болчих мэт сэтгэл хөнгөрөөд ирдэг. Ярихаасаа илүү сийрүүлэн бичвээс дотор онгойхын сацуу буруу ойлгосон, андуурч эндүүрсэн нь ч тодорч, оюун санаа цэгцэрч, саруулсан, эргэцүүлэн бодох ухаалаг шийдэл, зөв дүгнэлт өөд хөтөлдөг. Бусад хүмүүсийн тайтгарал эрэлхийлэл, үзэл баримтлалын илэрхийлэл, шийдэл, сонголтыг харьцуулан уншсанаар асуудлыг олон талаас нь харах цонх нээгдэж, улмаар өөрийгөө гүн гүнзгий танин мэдэх, зөв сонголт хийхэд тэнь ч туслах магадлалтай.


Үнэт цагийнхаа ихэнхийг өнгөрүүлэх ажлын байраа зөв сонгохын чухлыг үгээр илэрхийлж баршгүй. Тулга тойрсон явцуу шалтаг, шалтгаанаар танд аз жаргал, сэтгэл ханамж үл өгөх, таны мэргэжил, мэдлэг, ур чадвар, хүсэл мөрөөдөлд үл тохирох газар хэдэн сар, жилээр хадагдан суух албагүй. Бүлээн дулаан найрсаг, итгэл хүндлэл дүүрэн харилцаатай, уулыг давж, усыг гатлах чадалтай хамт олонтой байхыг хэн үл хүсэх билээ. Нийгмийн үнэт зүйл, хамгийн үнэ цэнэтэй бүрэлдэхүүн болох хүмүүн бидний хүч чадал, чадвар чансаа өдгөө төсөөлж буйгаас асар өндөр байх боломжтой. Хүний амьдрал боломж, завшаан, адал явдлаар дүүрэн. Энэ бүхнийг хэрхэн нээх, хэрхэн ашиглах нь хүн таны өөрийн сонголт бөлгөө.


Тайтгарал эрэлхийлэгч танд хөдөлмөрийн харилцаагаар үл хязгаарлан аль ч сэдвээрх бухимдлаа илэрхийлж тайтгарах, эерэг эрч хүч олж авахад туслах чин зорилгыг маань хүндэтгэж, хүн доромжлох, гүтгэх талбар бус гэдгийг ойлгон чухам зориулалтаар нь ашиглаарай.


Тайтгарлын талбарыг маань ашиглахаас гадна танд бизнесийн хэлэлцээн хийх эсхүл маргаантай асуудлаар эвлэрэн зохицох хүсэл, шаардлага үүсвэл бидэнд хандаарай. Тангараг тасарч, бизнесийн харилцаагаа үгүй хийх, шүүхийн хаалга татахад хүрэх албагүй ээ. "Асуудлаас урьдчилан сэргийлвээс өчүүхэн зарлагатай, даамжруулваас түмэн гарлагатай" гэдэг шүү дээ. Манай хэлэлцээч, эвлэрүүлэгчдийн баг танд мэргэжлийн туслалцаа үзүүлэхдээ баяртай байх болно.

Легас ХХК © 2015. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.